“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА.
Нийслэлийн дэд бүтцийн томоохон төслийн нэг болох “Туулын хурдны зам” төслийн газар шорооны бэлтгэл ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Одоогийн байдлаар төслийн талбайд 70 инженер, техникийн ажилтан, 56 машин механизм, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр барилга угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.
Геодезийн хэмжилтийн ажил бүрэн дууссан бөгөөд инженер-геологийн судалгааны хүрээнд 40 цооног өрөмдөж, судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьд хүрээд байна.
Мөн авто зам, гүүр, хоолой, үерийн хамгаалалтын далангийн нарийвчилсан зураг төсөл 94.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд гүүр, хоолойн барилгын ажлыг дөрөвдүгээр сарын эхээр эхлүүлэхээр төлөвлөжээ.
Нийт 32 км урт, 6 эгнээ бүхий хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 14 орчим хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарсан байна.
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь уг төслийн санхүүжилтийн боломжит бүтэц, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг татах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.