COP17 ХУРЛЫН “ХӨХ БҮС”-ИЙН ТҮР БАЙГУУЛАМЖИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
![]()
Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (UNCCD COP17)-ыг 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Тус хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж, Монголын талаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, гүйцэтгэгч талаас Франц улсын “GL Events” компанийн эрх бүхий төлөөлөгч Инэс Жинон нар гэрээнд гарын үсэг зурлаа.
“GL Events” компани нь НҮБ-ын шаардлага болон олон улсын стандартын дагуу нийт 12 түр байр, байгууламжийг нийлүүлж, угсран ашиглалтад бэлтгэх бөгөөд эдгээрийг нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, өндөр түвшний уулзалтууд, бүс нутгийн болон хороодын хуралдаан, зэрэгцээ арга хэмжээ, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа, үзэсгэлэн, үйлчилгээний хэсгүүдэд ашиглах юм.
![]()
UNCCD COP17 нь газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцдэг дэлхийн хэмжээний өндөр түвшний олон улсын форум бөгөөд 196 орны Засгийн газрын төлөөлөгчид, Олон Улсын байгууллагууд, хөгжлийн түншүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид өргөнөөр оролцохоор төлөвлөгдөж байна.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь COP17 хурлын хүрээнд:
Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг дэмжих,
Ногоон эдийн засгийн шилжилтийг эрчимжүүлэх,
Бүс нутгийн тогтвортой хөгжлийн төслүүдийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг 2025 оны 8 дугаар сараас эхлүүлж, холбогдох ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.