ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ НИЙСЛЭЛИЙН БОНДООР БҮРДҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.
Улаанбаатар хотын дэд бүтцийн стратегийн ач холбогдолтой “Дулааны V цахилгаан станц” төслийн санхүүжилтийн хүрээнд Нийслэлийн бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж, цан цохих ёслолыг өнөөдөр зохион байгуулж, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Хосбаяр, ТУЗ-ийн гишүүн, Нийслэлийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах, Гүйцэтгэх захирал Г. Гангамөрөн нар оролцлоо.
Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хууль болон Өрийн удирдлагын тухай хуульд заасан хүрээнд нийслэлийн үнэт цаасны дээд хэмжээг 275 тэрбум төгрөгөөр баталсан бөгөөд үүний дагуу Дулааны V цахилгаан станц төслийг 200 тэрбум төгрөгийн дотоод бондын эх үүсвэрээр санхүүжүүлэхээр болсон юм.
Энэ хүрээнд:
3 жилийн хугацаатай
Жилийн 14 хувийн хүүтэй
Нэг бүр нь 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий
200 мянган ширхэг Нийслэлийн бондыг олон нийтэд нээлттэй арилжаалж эхэллээ.
Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж, “Митайм Интернэйшнл” компанитай гэрээ байгуулсан бөгөөд нийт төсөвт өртөг 658.5 сая ам.доллар байхаар төлөвлөгдсөн. Үүнээс нийслэлийн хариуцах санхүүжилт 20 хувь буюу 131.7 сая ам.доллар бөгөөд 2026 онд эхний ээлжийн санхүүжилтийг ийнхүү бондын эх үүсвэрээр шийдвэрлэж байна.
Төслийн хүрээнд станцыг 30 сарын хугацаанд барьж байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ашиглалтад орсноор:
100 мянган айлыг цахилгаан эрчим хүчээр
40-50 мянган айлыг дулаанаар
найдвартай хангах томоохон эх үүсвэр бүрдэх юм.
Энэхүү санхүүжилтийн шийдэл нь Нийслэлийн стратегийн дэд бүтцийн төслүүдийг үнэт цаасны зах зээлд суурилсан шийдлээр дэмжих, урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бодит алхам болж байна.

