НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдаж, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г. Гангамөрөн оролцлоо.
Зөвлөгөөнөөр хотын хэмжээнд хэрэгжиж буй ажлуудын явц, өмнөх үүрэг даалгаврын биелэлт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар хотын даргын өгсөн 22 үүрэг даалгаврын хэрэгжилт 78.2 хувьтай байна.
Хот байгуулалт, газрын зохион байгуулалтын чиглэлд 2025 онд Нийслэлийн 204 хорооны гудамж, зам талбайд илэрсэн 5910 зөрчлийг арилгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажлуудыг эрчимжүүлсэн байна.
Хотын өнгө үзэмж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах хүрээнд Нийслэлийн 6 дүүргийн 161 байршилд нийт 7600 метр урт хашаа, хайс буулгах ажил эхэлж, орчны нээлттэй байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Газрын чөлөөлөлт, дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд 7 дүүргийн 34 байршилд 410 гараж буулгах ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын явц 34.6 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд хотын төвийн болон орон сууцны хорооллуудын авто зогсоол, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.
![]()
Зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ажлуудын уялдаа холбоог сайжруулах, гүйцэтгэлийн хяналтыг тогтмолжуулах чиглэлд холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өглөө.