ШИЛДЭГ ТӨСЛҮҮД ОЛОН НИЙТЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТАЖ ЭХЭЛЛЭЭ.
Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлж буй “Санаанаас зах зээл рүү” хамтын санхүүжилт олгох хөтөлбөрт шалгарсан гарааны компани, энтрепренерүүдийн шилдэг 16 төсөл Fundea.mn платформд байршиж, олон нийтээс нээлттэй санхүүжилт татаж эхэллээ.
Тус төслүүд 2026 оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 11-ний хооронд олон нийтээс санхүүжилт босгох бөгөөд энэ нь зөвхөн хөрөнгө татах үйл ажиллагаа биш, харин зах зээлээс бодит үнэлгээ авах, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ турших чухал боломж юм.
“UB Innovation Crowd Fund 2026” хөтөлбөр нь оролцогчдын бизнес модель, маркетинг, стратеги, өсөлтийн төлөвлөлтийн чадавхыг сайжруулахад чиглэсэн менторшип, зөвлөх үйлчилгээ, бодит дэмжлэгийг цогцоор нь үзүүлж буйгаараа онцлогтой.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн гарааны бизнес, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулалт татах, зах зээлд гарах, өсөлтийн дараагийн шатанд шилжихэд дэмжлэг үзүүлэх чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Хөтөлбөрт шалгарсан төслүүд нь эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, ногоон шийдэл, хотын дэд бүтэц, дижитал үйлчилгээ, технологи, амьтны асаргаа, сэтгэл зүй, үйлдвэрлэл зэрэг олон салбарыг хамарч байгаа нь Улаанбаатар хотын инновац, энтрепренер экосистем тэлж буйг харуулж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон төслүүдтэй Fundea.mn платформоор дамжуулан танилцах боломжтой.