5000 ӨРХИЙГ ХИЙН ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭНД ШИЛЖҮҮЛЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АЖЛЫГ ҮЕ ШАТТАЙГААР ӨРГӨЖҮҮЛНЭ.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн нийт 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүлээд байна. Үүнээс Чингэлтэй дүүргийн 3815, Баянгол дүүргийн 1185 өрх хийн халаалтад шилжжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын Хийн хангамж, удирдлагын газарт ажиллах үеэрээ эхний шатны хэрэглэгчид шинэ хэрэглээнд бүрэн дассаны дараа төслийг дараагийн шатанд өргөжүүлэхээр төлөвлөж буйг онцоллоо. Мөн Монгол Улсад анх удаа бүх төрлийн хийн найрлагыг тодорхойлох боломжтой, Олон Улсын стандартын шаардлага хангасан лабораторийг ашиглалтад оруулсан байна.
Төслийн хүрээнд айл өрхүүдэд NFPA стандартын шаардлага хангасан, аюулгүй ажиллагааны олон шатлалт хамгаалалттай хийн зуухыг суурилуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хийн түлш борлуулах 25 цэг ажиллаж, 2026 оны эхний хагас жилд 11,365 баллон эргэлтэд оруулан 308.4 тонн шингэрүүлсэн нефтийн хий борлуулжээ. Мөн 2025 оны 12 дугаар сараас хойш нийт 2080 тонн, 98.8 хувийн цэвэр пропан хий импортлоод байна.
![]()
Цэвэр түлшний хэрэглээг нэмэгдүүлэх энэхүү төсөл нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх, тогтвортой хотын хөгжлийг дэмжих бодлогын чухал хэсэг юм. “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн ногоон хөгжил, тогтвортой дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын хэрэгжилтэд чиглэсэн санаачилга, төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байна.