"СЭЛБЭ УХААЛАГ ХОТ” ТӨСӨЛ УЛААНБААТАР ХОТЫН ОРОН СУУЦНЫ ЖИЛИЙН ЭРЭЛТИЙН 42 ХУВИЙГ ХАНГАХ ЧАДАВХТАЙ БОЛНО.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 13 дугаар хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” төсөл, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон шахмал түлшний хангамжийн асуудлыг хэлэлцлээ.
Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хороодын 158 га талбайд хэрэгжиж буй “Сэлбэ ухаалаг хот” төслийн хүрээнд 113 блок бүхий 8,575 айлын орон сууц баригдаж байна.
Төсөл бүрэн ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны жилийн эрэлтийн 42 хувийг хангах боломж бүрдэхээр байна.
Засгийн газрын шийдвэрийн дагуу төслийг “Сэлбэ ухаалаг хот”-ын хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн дахин төлөвлөж байгаа бөгөөд технологи, эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэх асуудлыг ирэх наймдугаар сарын 6-ны өдөр НИТХ-аар хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүгийн олон төрөлт бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр ажиллаж байна.
Мөн хуралдаанаар 2026–2027 оны халаалтын улирлын бэлтгэлийг хэлэлцэж, энэ өвөл 280 мянган тонн хагас коксон шахмал түлш импортлох, Нийслэлийн хэмжээнд 435 борлуулалтын цэг ажиллуулах, угаарын эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өглөө.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь нийслэлийн стратегийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтын бэлтгэл, санхүүжилтийн шийдэл, хэрэгжилтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн, Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.