МОНГОЛ УЛС ЯАГААД "UNCCD COP17" ЗОХИОН БАЙГУУЛАХААР СОНГОГДСОН БЭ?
Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал буюу "UNCCD COP17"-ыг зохион байгуулна.
Монгол Улс 2022 онд Кот-д’Ивуар Улсад болсон "COP15"-ын үеэр "COP17"-ыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, оролцогч талуудын дэмжлэгийг авсан. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, мөн цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн талхагдал, ган гачгийн нөлөөлөлтэй бодитоор тулгарч буй нөхцөл голлон нөлөөлжээ.
Монгол Улс газарзүйн байршил, нүүдлийн соёл, бэлчээрийн мал аж ахуйн онцлогоороо газрын доройтлын асуудлыг Олон Улсын түвшинд бодит жишээ, туршлагад тулгуурлан хэлэлцэх тохиромжтой орон гэж үнэлэгдсэн байна.
"COP17"-ыг Монгол Улсад зохион байгуулснаар:
Цөлжилттэй тэмцэх үндэсний туршлага, шийдлийг Олон Улсад танилцуулах
Ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх
Аялал жуулчлал, үйлчилгээ болон Олон Улсын арга хэмжээ зохион байгуулах чадавхыг нэмэгдүүлэх
Монгол орны байгаль, нүүдлийн соёл, бэлчээрийн мал аж ахуйн онцлогийг дэлхийд сурталчлах боломж бүрдэнэ.
“Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриатай COP17 нь газрын доройтлыг бууруулах, тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх Олон Улсын хамтын ажиллагааны чухал талбар болох юм.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь “COP17”-ын хүрээнд ногоон санхүүжилт, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хотын хөгжлийн хөрөнгө оруулалтын боломжийг бодит төсөл, хөтөлбөртэй уялдуулах чиглэлээр ажиллаж байна.