НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулагдаж,"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн оролцлоо.
Хуралдаанаар Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалт, дэд бүтэц, өвөлжилтийн бэлтгэл, нийтийн тээвэр, хот байгуулалт болон UNCCD COP17 олон улсын хурлын бэлтгэл ажлын явцыг хэлэлцэн, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.
Мөн 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах UNCCD COP17 Олон Улсын хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгааг танилцуулж, Хотын дарга нарын форумын хүрээнд логистик, бодлогын агуулга, ногоон бүс, үзэсгэлэнгийн дэд ажлын хэсгүүд бэлтгэлээ хангаж байгааг мэдээлэв. Форумын үр дүнд газрын доройтол, цөлжилт, тоосжилтын эсрэг олон улсын хотуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан 125 түргэн үйлчилгээний цэгээс 33-ыг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд 85 байршилд үргэлжилж буй авто замын засвар, шинэчлэлийн ажлыг энэ сарын 23-ны дотор дуусгахаар төлөвлөжээ.
Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний бэлэн байдлыг танилцуулж, салбарын хэмжээнд 13 өдрийн түлшний нөөц, 4.4 тэрбум төгрөгийн сэлбэг хэрэгсэл, 1.5 тэрбум төгрөгийн шатах тослох материалын нөөц бүрдүүлсэн талаар мэдээлэв.
Түүнчлэн Нийслэлийн орчны аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөлгүй барилга байгууламжийн нөхцөл байдал, барилгын орчны эрсдэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар танилцууллаа.
![]()
Шуурхай хуралдааныг зохион байгуулсан Хан-Уул дүүрэг өнөөдрийн байдлаар 48,500 га нутаг дэвсгэрт 25 хороо, 82,110 өрхийн 334,407 иргэнд төрийн үйлчилгээ үзүүлж байна. Тус дүүрэг 24/7 үйлчилгээний төвөөр дамжуулан 126 төрлийн лавлагаа, 600 гаруй төрлийн төлбөр тооцооны үйлчилгээг иргэдэд хүргэж буй талаар танилцууллаа.