НИЙСЛЭЛИЙН 5,000 АЙЛ ӨРХИЙГ ХИЙН ХАЛААЛТАД ШИЛЖҮҮЛЖ, 27 ЗУУХЫГ ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРТ ХОЛБООД БАЙНА.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд өрхийн болон дулааны эх үүсвэрийг үе шаттайгаар цэвэр эрчим хүчний шийдэлд шилжүүлэх ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 872, Чингэлтэй дүүргийн 4,128 айл өрхийг хийн халаалтын системд шилжүүлээд байгаа бөгөөд нийт 5,000 айл өрх түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзан илүү цэвэр, байгальд ээлтэй дулааны эх үүсвэр ашиглах боломж бүрдээд байна.
Нийслэлийн хэмжээнд 27 дулааны зуухыг түүхий нүүрсний түлшнээс хий, цахилгаан болон агаарын дулааны эх үүсвэрт холбож, эрчим хүчний хэрэглээг илүү үр ашигтай, байгаль орчинд ээлтэй хэлбэрт шилжүүлжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир болон холбогдох байгууллагуудын төлөөлөл Чингэлтэй дүүрэгт ажиллаж, хийн халаалтын шилжилт болон цэвэр эрчим хүчний төслүүдийн хэрэгжилтийн явцтай газар дээр нь танилцлаа.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь нийслэлийн ногоон шилжилт, агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний үр ашигтай дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалтын бүтэц, санхүүжилтийн шийдлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.