COP17: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД САНГУУДЫН ҮҮРЭГ НЭМЭГДЭЖ БАЙНА.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан сорилтыг даван туулахад бодлогын шийдвэрээс гадна тогтвортой, урт хугацааны санхүүжилтийн тогтолцоо чухал байр суурь эзэлдэг. Иймээс олон улс орон хөгжлийн тэргүүлэх зорилтоо хэрэгжүүлэхдээ тусгай зориулалтын сангуудыг ашиглан төр, хувийн хэвшил болон Олон Улсын хөрөнгө оруулалтыг нэгтгэх санхүүгийн тогтолцоог бүрдүүлж байна.
Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулж буй нь тогтвортой хөгжил, ногоон санхүүжилт, уур амьсгалын хөрөнгө оруулалтын асуудлыг Олон Улсын түвшинд хэлэлцэх чухал боломжийг бүрдүүлж байна.
Сангууд нь:
хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг урт хугацааны санхүүжилтээр дэмжих;
ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хөрөнгө оруулалтыг татах;
төр, хувийн хэвшил болон Олон Улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
хөрөнгийн ил тод, үр ашигтай удирдлага, засаглалыг бэхжүүлэх зэрэг стратегийн ач холбогдолтой.
Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд Нийслэлийн Хөгжлийн сан, Нийслэлийн Ногоон сан, Нийслэлийн Эрсдэлийн удирдлагын сан, Нийслэлийн Гарааны бизнесийг дэмжих сан, хотын хөгжлийн урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэн ажиллаж байна.
UNCCD "COP17"-ийн хүрээнд хэлэлцэгдэх тогтвортой хөгжил, уур амьсгалын санхүүжилт, газрын доройтлыг бууруулах хөрөнгө оруулалтын асуудлууд нь хотуудын хөгжлийн санхүүжилтийн шинэ хандлагыг тодорхойлохын зэрэгцээ сангуудын үүрэг, ач холбогдлыг улам бүр онцолж байна.